Дарга

Р.Амартүвшин

Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

МЭНДЧИЛГЭЭ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ нь 1964 оноос эхлэн хот байгуулалтын бодлого, баримт бичиг, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй мэргэжлийн, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй, улсын хэмжээний ууган зураг төслийн байгууллага юм.
Бид бүхэн хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үндсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа олон улсын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, дэвшилтэд техник технологи ашиглах олон нийтийн оролцоог хангах, шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлах зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд манай байгууллага улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын мастер төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бодлогын баримт бичгүүд, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилтын зураг төсөл боловсруулах чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Тухайлбал Улаанбаатар хотын 2020, 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулсан бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газарт өргөн барихаар бэлдэж байна.
Цаашдаа хот байгуулалтын салбар дах төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр түлхүү анхаарал хандуулан чанарыг эрхэмлэсэн, хүнээ дээдэлсэн, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.
2022-2023 онд Байгууллагын удирдлага зохион байгуулалтыг шинэ түвшинд гарган бүтээгдэхүүний чанар стандарт, үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах зорилгоор ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн баталгаажилтын гэрчилгээгээ гардан авч үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, улам боловсронгуй болгох, сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Та бүхэн манай байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Монгол улсаа хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, суурь судалгааг
боловсруулах ариун үйлс дэлгэрэх болтугай.