СӨҮЛИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН МЭРГЭЖЛИЙН ЦУВРАЛ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 


“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд “UPRI Professional Lecture Series” буюу мэргэжлийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь хот төлөвлөлт, хот байгуулалт, хөгжлийн төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж буй архитектор, инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын шилдэг туршлагаар баяжуулах, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зорилготой байв. Нийт 5 удаагийн цахим сургалт 10 сэдэвт лекцээс бүрдэж, БНСУ-ын хот төлөвлөлтийн бодлого, хэрэгжилтийн бодит туршлага, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан өргөн хүрээний агуулгыг хамарлаа. Үүнд Сөүл хотын хүн амын өсөлтийн үеийн хотын удирдлага, метрополитан бүсийн хөгжлийн бодлого, хотын орон зайн стратеги, Ёнсан олон улсын бизнесийн дүүргийн мастер төлөвлөгөө, Чансин–Сунгин хотын дахин сэргээх төсөл, орон сууцны дахин төлөвлөлтийн бодлого, төрийн дэмжлэгтэй шинэчлэлийн хөтөлбөрүүд, шинээр хөгжиж буй хот байгуулалтын төлөвлөлт, мөн Захиргааны төв цогцолбор хот болох Сэжун хотын төлөвлөлтийн туршлагыг танилцуулсан юм. Сургалтад Сөүлийн Их Сургууль, Ханьянг Их Сургууль, Сөүл хотын захиргаа болон хот төлөвлөлтийн зөвлөх байгууллагуудын профессор, судлаач, мэргэжилтнүүд оролцож, хотын өсөлтийн удирдлага, хотын шинэчлэл, дахин төлөвлөлт, шинэ хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн аргачлалын талаар өөрсдийн туршлага, судалгаа, мэдлэгээ хуваалцлаа. Сөүлийн Их Сургууль нь хот судлал, хот төлөвлөлт, хотын бодлого, орон сууц, тээвэр, хүрээлэн буй орчны чиглэлээр Азийн тэргүүлэх боловсрол, судалгааны байгууллагуудын нэг бөгөөд Сөүл хотын хөгжил, шинэчлэл, дахин төлөвлөлтийн бодлоготой уялдсан олон жилийн туршлага хуримтлуулсан сургууль юм. Тус сургуулийн туршлага нь олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн төслүүдээр дамжин дэлхийн олон оронд түгээгдэж байна.