ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ
ШИНЭ ТӨВ ДЭД ТӨВИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ
Байршил: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо
Талбай: 189 га
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын баталсан 2021/04 дугаартай зургийн даалгаврын дагуу “ШИНЭ ТӨВ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн ажлыг боловсруулж дуусгалаа. Зураг төслийн эцсийн тайланг Монголын Архитекторуудын Эвлэлийн хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд БХБ-ын сайдын тушаалаар томилогдсон экспертизийн багаар хянуулж, улсын магадлалаар баталгаажуулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгөв.
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТЭЗҮ, ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЕТ ТОДОТГОЛ
Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Эмээлт тосгон
Нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төслийн зорилго оршино.
АМГАЛАН ДЭД ТӨВИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ
Байршил: Баянзүрх дүүрэг 8, 9, 10, 17, 23-р хороо
Талбай: 127 га
Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж иргэд олон нийтэд үзүүлэх нийгмийн ба төрийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, орон зайн оновчтой төлөвлөлтийг иргэд, олон нийтийн оролцоотой төлөвлөн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай суурьшлын бүс болон хөгжүүлэх
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 18 ДУГААР ХОРООНЫ БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ
Байшил: Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэр
Талбай: 214 га
Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны дахин төлөвлөлтийн жишиг төсөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл боловсруулах ажлын хүрээнд
- Инженерийн бэлтгэл арга хэмжээ
- Дулаан хангамж
- Усан хангамж, ариутгах татуурга
- Цахилгаан хангамж
- Мэдээлэл холбооны зураг төслийг боловсруулсан.
СОНСГОЛОН ДЭД ТӨВИЙН ТЭЗҮ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ
Байшил: Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэр
Талбай: 36 га
Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021/06 дугаартай зургийн даалгаврын дагуу “Сонсголон” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулж, зураг төслийн эцсийн тайланг Монголын Архитекторуудын Эвлэлийн хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн бөгөөд БХБ-ын сайдын тушаалаар томилогдсон экспертизийн багаар хянуулж, улсын магадлалын нэгдсэн дүгнэлтийг гаргуулан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан.
Сонсголон дэд төв нь Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж иргэд олон нийтэд үзүүлэх нийгмийн ба төрийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, орон зайн оновчтой төлөвлөлтийг иргэд, олон нийтийн оролцоотой төлөвлөн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжсэн, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай суурьшлын бүс болон хөгжүүлэх зорилготой.
СУУРЬ СУДАЛГАА
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ”-НЫ СУДАЛГАА
Монгол орны хувьд иргэд агаарын бохирдол, цар тахлаас үүдэж эрүүл агаарт, эдлэн газартаа тав тухтай орчин бүрдүүлж эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй, ашиглалтын зардал бага, байгаль экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлтэй зэрэг олон хүчин зүйлд анхаарч амины орон сууцанд амьдрах хандлагатай болсон. Олон улсад хөгжүүлж буй амины орон сууцны төрөл болон дотоодод хэрэгжиж буй ногоон санхүүжилтэд багтсан амины орон сууцны төслүүдийг харьцуулан дүгнэж Монгол оронд хамгийн тохиромжтой амины орон сууцыг тодорхойлохыг зорисон. Судалгааны үр дүнд боловсруулсан сууцны төлөвлөлтийн шийдэл нь хувь хүмүүст амины орон сууц сонгож барихад эсвэл худалдан авалт хийхэд эсвэл орон сууцны бодлого боловсруулагчидад гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглагдаж болохуйц чухал ач холбогдолтой юм.
БАГТААМЖ ИХТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТӨЛӨВЛӨЛТ
Улаанбаатар хотод 1,596,335 хүн амьдарч байна, 612,369 машин бүртгэлтэй байгаа бөгөөд 8.5км цагийн хурдтай байгаа нь автомашины хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Мөн хотод орон нутгийн автомашин ирээд зогсоолоос шалтгаалан хиймэл түгжрэл үүсгэж байгаатай холбогдуулан “Багтаамж ихтэй авто зогсоол” судлан төлөвлөх шаардлагатай байна.
Тиймээс хотын орц хэсэгт төвлөрсөн ил зогсоол төлөвлөснөөр хөдөө орон нутгийн машин зогсох, ачаа тээвэр бараа буулгах нэгдсэн төлөвлөлт болон олон нийтэд зориулсан ил зогсоолтой болох юм.
УЛААНБААТАР ХОТЫН НЯГТРАЛ БА ЗОХИЦУУЛАЛТ
1990 оноос хойш хотын барилгажсан талбай 2.4 дахин нэмэгдсэн бөгөөд одоогийн хандлага үргэлжилбэл 2040 он гэхэд дахиад мөн хэмжээгээр нэмэгдэж, одоо байгаагаас илүү их замбараагүй бөгөөд хөгжлийн тэнцвэргүй байдлыг үүсгэхээр байна. Энэ нь хотын дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид улам их дарамт учруулах төлөвтэй байна. Иймд энэхүү судалгаа нь хотын нягтралын асуудлыг шийдвэрлэх, хотын тогтвортой хөгжлийг хангах, улмаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хотыг ирээдүйд тэнцвэртэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотын дүүрэг, хороодын нутаг дэвсгэрийн хэмжээ, хот төлөвлөлт, эдийн засгийн хөгжил зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллөөс үүдэн Улаанбаатар хотын суурьшил, нягтрал засаг захиргааны нэгж тус бүрээр харилцан адилгүй байдаг. 2024 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 1,640,781 хүн амьдарч байгаа нь Монгол улсын нийт хүн амын 47 хувийг эзэлж байна. Хүн амын нягтрал гэдэг нь нэгж газар нутагт ногдох хүн амын тоогоор илэрхийлэгддэг харьцаа юм.
Хотын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Улаанбаатар хотын хүн амын нягтралын дээд хэмжээг 320 хүн/га байхаар тооцож авч үзэхэд хамгийн нягтралтай хэсэг 1178 хүн/га хүрсэн бөгөөд 320 хүн/га-с дээш нягтралтай хэсэг 155 байршилд тодорхойлогдов.
“НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ТАЛБАЙД ЭРХЛЭХ ӨДРИЙН ХУДАЛДАА” ЗАГВАР
Хотын иргэний жил зорилтын хүрээнд иргэний орлого ажлын байрыг нэмэгдүүлэх, гудамж, зам талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг хангах, эмх замбараагүй худалдаа үйлчилгээг зохион байгуулалттай болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлж иргэн бүрт ээлтэй таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ. Мөн жижиг дунд бизнес эхрлэгчдийн дэмжих, орлогийг нэмэгдүүлэх, эмх замбараагүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй худалдаа үйлчилгээг цэгцэлж хотын өнгө үзэмжинд нөлөөлөхүйц дизайны шийдлийг бий болгох зорилготой.
НОГООН ДЭЭВРИЙН СУДАЛГАА
Технологи болон эдийн засгийн хөгжлийн эрин үе нь хүн, байгаль хоёрын уялдаа холбоог алдагдуулж, дэлхий дээрх хүрээлэн буй орчны байдал мөн амьдрах нөхцөлийг улам дордуулсаар байна. “Ногоон” дээвэр нь архитектур болон хотжилтын орчин үеийн чиг хандлага бөгөөд баригдсан барилга дээр ногоон байгууламжийг бий болгодог.
“Ногоон” дээвэр гэдэг нь ус үл нэвтрэх мембран дээр байрлуулсан тусгай хөстэй, ургамлаар бүрхэгдсэн барилгын дээвэр юм. Дээврийн ногоон байгууламжийг үндэс ургах, ус зайлуулах мөн усалгааны системээс хамгаалах элементүүдээс бүтэж болно. Орчин үеийн тэргүүлэх ногоон технологийг ашиглан дээврийн тохижилт хийгдэж байна. Ийм дээврийг амьд дээвэр, эко дээвэр гэж нэрлэх нь бий.
Барилга байгууламжийг ногоон байгууламжтай болгох нь амьдрах, ажиллах орчны экологи, үйл ажиллагаа, дизайныг сайжруулах боломжуудын нэг юм. Энэ нь барилгын арга барил, барилгын материал, ургамлын хэрэглээ зэргийг багтаах бөгөөд гол зорилго нь өнөөгийн түвшинд нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологийг тусгасан төлөвлөлт юм.
“АВТОБУСНЫ БУУДЛЫН САЙЖРУУЛАЛТ”-ЫН СУДАЛГАА
Улаанбаатар хотын автобусны буудлуудын өнгө үзэмжийг сайжруулах, тохижуулах мөн ТҮЦ-тэй уялдуулан иргэдийг өвлийн улиралд дулаан орчинд автобус хүлээх нөхцөлөөр хангах зорилгоор шинэлэг автобусны буудлын концепц шийдлийг боловсруулсан. Улаанбаатар хотын голлох нийтийн тээвэр болох автобус тээврийн болон автобусны буудлуудын одоогийн байдалд дүн шинжилгээ хийж тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, олон улсад болон дотоодод хэрэгжүүлсэн дулаан, худалдаа үйлчилгээтэй хослуулсан буудлын жишээг түүвэрлэн судалсан. Эдгээр дүн шинжилгээнүүдэд үндэслэн автобусны буудлын шинэлэг шийдэл бүхий төлөвлөлтийн хувилбаруудыг боловсруулж, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг тооцоолсон.
“ТЭРБУМ МОДНЫ КОНЦЕПЦ”-ЫН СУДАЛГАА
Улаанбаатар хотын байгаль орчин экологийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах, хотын оршин суугчдын амарч зугаалах, ногоон чөлөөтэй орон зайг бий болгосноор амьдралын чанарыг сайжруулах зорилготой судалгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын ногоон орчны одоогийн байдлын ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн төлөвлөлтийн шийдлийг тандалт судалгаагаар баяжуулан SWOT дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Мөн ногоон байгууламж, тохижилтын холбогдолтой хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг түүвэрлэн судалсан. Эдгээрт үндэслэн цаашид юун дээр анхаарах, хэрхэн сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэнээр гарах үр дагавар, ач холбогдлыг танилцуулахыг зорьсон.