ШИНЭ ТӨВ ДЭД ТӨВИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, БАРИЛГАЖИЛТЫН ТӨСӨЛ

Байршил: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо

Талбай: 189га

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын баталсан 2021/04 дугаартай зургийн даалгаврын дагуу “ШИНЭ ТӨВ” дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн ажлыг боловсруулж дуусгалаа. Зураг төслийн эцсийн тайланг Монголын Архитекторуудын Эвлэлийн хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус мэргэжлийн зөвлөл, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд БХБ-ын сайдын тушаалаар томилогдсон экспертизийн багаар хянуулж, улсын магадлалаар баталгаажуулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгөв.

“СЭЛБЭ СЭРГЭЛТ” ТӨСЛИЙН ДАЛАН, ЗАМ ГҮҮР, ТОХИЖИЛТЫН ТЭЗҮ, АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 70 дугаар захирамжаар “Сэлбэ сэргэлт” төслийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажиллах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд ахлан ажиллаж байна.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд голын орчимд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилттой “Сэлбэ сэргэлт” төсөл нь техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэсэн 2 үндсэн үе шатаар хийгдэж байгаа бөгөөд геодези, инженер геологи, байгаль орчны үнэлгээ, ерөнхий төлөвлөгөө, тохижилт, зам, гүүр, далан, инженерийн шугам сүлжээ, усны барилга байгууламжийн зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ ажиллаж байна.
ХТСИ нь “Сэлбэ сэргэлт” төслийн 21.6 км далан, зам гүүр, тохижилтын ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 3 багц болгон хуваан боловсруулж байна. 1 болон 3 дугаар багцын техникийн шийдлийг зөвшилцөж, төлөвлөлтийн саналыг эцэслэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Төслийн 2 дугаар багцын авто замын ажлын зурагт улсын магадлал хийгдсэн.

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ТЭЗҮ, ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ

Байршил: Хан-Уул дүүргийн 13-р хороо, Эмээлт тосгон

Талбай: 563га 

Нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төслийн зорилго  оршино.