Хот төлөвлөлт, судалгааны институт нь 2021 оны 01 сараас Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Urgent төслийн нэг хамтрагч байгууллага болон энэхүү төслийг төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү URGENT төсөл нь Монгол, Энэтхэг улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулан, дээд боловсролоор дамжуулан уур амьсгалд ээлтэй, амьдрах боломжтой хотуудын ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд суурилсан шийдлүүдийг сурталчлах зорилготойгоор гадаад, дотоодын 13 байгууллагуудтай хамтран хийгдэж буй төсөл бөгөөд 2021.01.15 – 2024.01.14-ны хооронд хэрэгжинэ.
Тус төслийн хүрээнд Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр URGENT төслийн түнш, ONE төслийн зохицуулагч Монгол Улсын Их Сургууль (МУИС)-аас хот суурин газрын тэсвэртэй байдал, дасан зохицох чадвар, байгаль орчны тогтвортой менежментийн талаарх зуны хөтөлбөр зохион байгуулах гэж байна.
Уг хөтөлбөрийг URGENT төсөл болон ONE төслийн хүрээнд хамтран Улаанбаатар хотод 2022 оны 7-р сарын 15-наас 28-ны хооронд зохион байгуулна. Зуны хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид Европын Холбооны байгаль орчны инноваци (менежмент, бодлого, санхүүгийн хэрэгсэл г.м) болон хотын экологи-байгаль орчин, ногоон-цэнхэр дэд бүтэц, байгальд суурилсан шийдлүүдийн талаарх мэдлэг, ур чадварыг тус тус эзэмшинэ.
Бүртгэл:
Та энэхүү зуны хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор 2022 оны 6 дугаар сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү.
http://registration.num.edu.mn/Home/Programs.
Зуны хөтөлбөрийн зорилго:
Хөтөлбөрийн зорилго нь Европын холбооны мэргэжилтнүүдтэй хамтран нарийвчилсан сургалтын хөтөлбөр, сургалтын агуулгыг боловсруулах, кейс судалгаа хийх, хамтран заах, оюутны судалгааны группүүдэд хяналт тавих, дотоодын багшлах боловсон хүчнийг сургах, мэдлэг солилцох боломжийг бүрдүүлэх явдал юм.
Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 14 хоног (7-р сарын 15 – 7-р сарын 28)
Төлбөрийн талаарх мэдээлэл:
- ONE төслийн оролцогчдоос ямар нэгэн хураамж шаардахгүй. Аяллын даатгал, хот доторх унаа, хотоос гадуурх үйл ажиллагааны үеийн хоол, байр зэрэг бүх зардлыг ONE төслөөс хариуцна.
- URGENT төслийн оролцогчдоос ямар нэгэн хураамж шаардахгүй. Төслийн аяллын ба байрлах зардалд даатгал, унаа, хоол, өдрийн мөнгө, байр зэрэг бүх зардал багтсан болно.
- Аль нэг төсөлд хамрагдаагүй оролцогчид олон улсын аяллын зардлыг оруулахгүйгээр 1000 ам.долларын төлбөрийг өөрсдөө төлөх шаардлагатай.
Зуны хөтөлбөрийн аяллын хэрэгсэл, хувийн хэрэглэлийг оролцогч өөрөө хариуцна.
Байр, ажиллах орчин:
Хот доторх үйл ажиллагааны туршид Монгол оюутнууд гэртээ, гадаад оюутнууд МУИС-ийн дотуур байранд байрлана. Хээрийн үйл ажиллагааны туршид оюутнууд хээрийн зусланд ажиллаж, амьдрах, майханд унтах, баазын ажил, засвар үйлчилгээг хуваалцах, хээрийн ажилд явган аялал хийх гэх мэт гадаа ажиллахад бэлэн байх шаардлагатай. Профессор, ажилтнууд зохион байгуулах хорооноос санал болгосон зочид буудалд байрлах эсвэл өөрсдөө захиалж болно.
Гэрчилгээ:
Зуны хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн төгсөгчдөд МУИС-аас Европын 4 кредит системээр шилжүүлсэн гэрчилгээ олгоно.
Онцлох өдрүүд:
- 6-р сарын 10 хүртэл Онлайн бүртгэл хаагдах
- 6-р сарын 5-10-ны хооронд Шаардлагатай бол ярилцлагад орох
- 6-р сарын 15-ны дотор Оролцогчдыг сонгох, мэдээлэл өгөх