ЕВРОПЫН ХОЛБООНЫ ERASMUS+ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛT & НОГООН ЦЭНХЭР ДЭД БҮТЭЦ” – URGENT төсөл

Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжих зорилго бүхий төслийн анхны цахим уулзалт 2021 оны 03 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Энэхүү төслийн үндсэн зохицуулагчаар ХБНГУ-ын Бремений их сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол улсаас Хот төлөвлөлт, судалгааны институт, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Ховд их сургууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг 5 байгууллага уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг төсөл нь 2021-2023 оны хооронд нийт 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үндсэн зорилго нь Энэтхэг болон Монгол улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдлыг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр дамжуулан, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх замаар сайжруулахад оршино.